АЖГХС онцлох мэдээ /2/: МЭРГЭЖЛИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД 6 ДАХЬ УДААГАА ҮҮНЭЭС СҮҮЛИЙН 3 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН АМЖИЛТ ГАРГАЛАА.

САЛБАРЫН ТӨРИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ АЖИЛД БАГ ХАМТ ОЛНООРОО ОРОЛЦЛОО.

АЖГХС-ийн захирал С.Мөнхнасан болон АЖЗҮ-ний хөтөлбөрийн багийн багш нар хамтран Язгуурын нүүдэлчин Монголчуудын түүх соёл, өв уламжлалын давуу тал, нөөцийг ашиглан нутгийн иргэдэд тулгуурласан нүүдэлчдийн соёлын аялал жуулчлалыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг болгох зорилгоор “Нүүдлийн соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө” бодлогын баримт бичигийг боловсруулсан байна.

Энэхүү төлөвлөгөөнд “Нүүдлийн соёлын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхэд шаардлагатай аялал жуулчлалын дэд бүтэц, эрх зүйн орчныг бий болгож менежментийг нь боловсронгуй болгох, Монгол улсын Нүүдлийн соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад өрсөлдөхүйц  түвшинд хүргэх, Нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн НСАЖ-ыг хөгжүүлж, аялал жуулчлалаас орон нутагт үлдэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол улсын нүүдлийн соёлын аялал жуулчлалын гадаад маркетинг, сурталчилгааг тогтмолжуулах зорилтуудыг дэвшүүлж 2019-203 он хүртэл 3 үе шатаар 130 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

2018 оны 12-р сарын 11-нд БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн уг төлөвлөгөөг БОАЖЯ, БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсэг хэлэлцэж буй бөгөөд энэхүү судалгааны ажил нь МҮИС-ийн эрдэмтэн, судлаачдын улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр болох юм.

МЭРГЭЖЛИЙН УЛСЫН ОЛИМПИАДАД 6 ДАХЬ УДААГАА ҮҮНЭЭС СҮҮЛИЙН 3 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ДАРААЛАН ТҮРҮҮЛСЭН АМЖИЛТ ГАРГАЛАА.

БОАЖЯ, АЖБХН-ээс жил бүр уламжлал болгон аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд зохион байгуулдаг “ГРАНД ТУР” улсын олимпиад 2018 оны 09-р сарын 21-27-ны хооронд мэргэжлийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа сорьсон 4 төрлөөр зохион байгуулагдлаа.

Энэ жилийн олимпиадад нийт 10 сургуулийн 18 баг оролцсоноос МҮИС-ийн “Үндэсний соёмбо” баг 96 оноогоор Тэргүүн байр эзэлж, “Хишигтэн” баг 78 оноогоор Гутгаар байр эзэлж үнэмлэхүй амжилт гаргалаа. Үүнээс онцолж дурьдвал тэргүүлсэн багийн хувьд “Спорт явган аялал” төрөлд 1-р байр, “Аялал жуулчлал ба инноваци” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд 1-р байр, “Аялал жуулчлалын мэргэжил сурталчлах үзэсгэлэн” буюу оюутны бүтээлийн үзэсгэлэнд 1-р байрыг тус тус эзлэж суралцаж буй мэргэжилээрээ улсдаа тэргүүлэх хэмжээнд байгаагаа нотлон харуулж чадлаа. Ингэснээр МҮИС-ийн Аялал жуулчлалын салбарын оюутнууд 2010 оноос хойш 6 дахь удаагаа, сүүлийн 3 жилд дараалан түрүүлж буй өндөр амжилтыг үзүүлсэн байна.

Энэхүү амжилт нь зөвхөн АЖГХС-ийн оюутнууд төдийгүй МҮИС-ийн нийт оюутан залуусын мэргэжлийн мэдлэг, ур чадвар өндөр түвшинд бэлтгэгдэж байгааг харуулсан хэрэг бөгөөд нийт оюутнууддаа үлгэр дуурайлал болж байгааг дурьдахад таатай байна.

 

АЖГХС-ИЙН СУДЛААЧДЫН БҮТЭЭЛИЙН ТОО, ЧАНАР НЭМЭГДЭЖ “2017-2018” ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН БОЛЖ “МҮИС-ИЙН ИНДЭР” ШАГНАЛЫГ ХҮРТЭВ.

АЖГХС-ийн эрдэмтэн, багш нарын судалгааны ажлын цар хүрээ, чанар өсөж олон улсын хуралд тавьсан илтгэл, хэвлүүлсэн өгүүлэл болон хэвлэгдсэн ном бүтээлийн тоо, боловсруулж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үзүүлэлтээр МҮИС-ийн хамт олныг манлайлж “МҮИС-ийн Индэр” цомыг 2018 оны 05-р сард хүлээн авлаа.


МОНГОЛЫН ХОГ ХАЯГДАЛЫН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН “WORLD CLEAN UP-DAY” АРГА ХЭМЖЭЭНД АЖГХС-ИЙН ОЮУТНУУД ОРОЛЦОЖ ТУУЛ ГОЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ.

АЖГХС-ийн 150 гаруй оюутан залуус багш нарын хамтаар Туул голоо цэвэрлэх аянд нэгдэж 2018 оны 09-р сарын 15-ны өдөр Туул голын Баянзүрхийн гүүрний хойд талаар баруун ба зүүн тийш хэсгийг цэвэрлэж нийт 40 гаруй шуудай хог хаягдалыг түүж цэвэрлэлээ.

МҮИС-ийн АЖГХС нь байгальд ээлтэй мэргэжилүүдээр сургалт явуулдагын хувьд байгаль орчныг цэвэрлэх, ан амьтадыг хамгаалах чиглэлээрх үндэсний хэмжээний нийт 10 гаруй үйл ажиллагаанд оюутны клубүүд, зөвлөлөөрөө дамжуулан идэвхитэй оролцсон байна.