Хүний нөөцийн алба


МҮИС-ийн хүний нөөцийн бодлого төлөвлөлт нь Энигма группын хүний нөөцийн албанд харьяалагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаад 2008-2009 оны хичээлийн жилд МҮДС-ийн захиргааны бүтцэд хүний нөөцийн менежерийн бие даасан орон тоо гаргаж тухайн үеийн Хууль зүйн удирдлагын сургуулийн багш Л.Нарантогоог томилон ажиллуулсанаар МҮИС-ийн хүний нөөцийн албаны эх суурь тавигджээ. Улмаар 2009-2012 оны хооронд МҮДС-ийн хүний нөөцийн менежерээр П.Алимаа, П.Баасанцэрэн нар ажиллаж байв. МҮДС-ийн боловсролын үйлчилгээний цар хүрээ улам бүр нэмэгдэж мэргэжлийн хөтөлбөрүүд болон оюутны тоо өсч улам бүр нарийн мэргэжлийн багш нар шаардагдаж хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн цар хүрээ нэмэгдсэнтэй холбогдуулан 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн захиргаа, хяналт үнэлгээний газрын  бүрэлдэхүүнд сургуулийн хүний нөөцийн албыг бие даасан нэгж болгон байгуулжээ.

     Хүний нөөцийн албаны анхны даргаар Б.Цэндээ, мэргэжилтэн Н.Цогзолмаа нар ажиллаж байв. 2013-2014 оны хичээлийн жилд манай сургууль их сургууль болж боловсролын үйлчилгээний нэр төрөл,чанар хүртээмж нэмэгдэж эхэлсэн учир Хүний нөөцийн албыг улам бүр бэхжүүлэн багш судлаачдын нөөцийг бүрдүүлэх, нийт ажилтан ажиллагсадыг ажлын байран дээр нь сургах хөгжүүлэх,мэргэшүүлэх олон талт ажлуудыг өөрийн багш нарын нөөц боломж болон бусад холбогдох төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж иржээ. 2013 оны 9-р сараас  төгсөгчдийг ажлын байраар хангах, ажилд зуучлах зорилго зорилт бүхий “ Их үйлс” хөдөлмөрийн биржийг Хүний нөөцийн албаны дэргэд байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. 2014, 2015 онуудад Хүний нөөцийн албаны даргаар Ш.Сарантуяа, Б.Янжмаа нар, мэргэжилтнээр Ө.Цасчихэр,Р.Удаанжаргал, Баттөгс, Сумьяа нар ажиллаж байв.

    2015-2016 оны хичээлийн жилийн эхнээс хүний нөөцийн албаны даргаар одоог хүртэл Б.Энхзул ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос Ариун-Ундрам мэргэжилтнээр ажиллаж байна. Их сургуулийн хүний нөөцийн албаны үндсэн зорилго нь их сургуулийн багш судлаачид, захиргаа үйлчилгээны ажилтан ажиллагсадын нөөцийг бүрдүүлэх,хүний нөөцийн оновчтой зөв төлөвлөлт хуваарилалтыг боловсруулж хэрэгжүүлэх, ажилтнуудын ажлын байран дээрх сургалт, соёл боловсролын үйлчилгээг зохион байгуулах дэмжих, тэднийг итгэл үнэмшилтэй тав тухтай, тогтвор суурьшилтай ажиллах нөхнөл боломжийг захиргаа удирдлагын багтай хамтран зохион байгуулах явдал юм. Ингэснээр их сургуулийн алсын хараа эрхэм зорилгод хүрэх урт богино хугацааны стратеги төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд оруулж буй чухал хүчин зүйл гэж үзэж байна.

        2018-2019 оны хичээлийн жилд МҮИС-д нийт 359 багш, ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Шинжлэх ухааны болон боловсролын доктор цолтой багш судлаачид 81 байгаа нь нийт багшлах боловсон хүчний 32%-ийг эзэлж байна. Магистр цолтой багш нар 143 ажиллаж байгаа бөгөөд нийт багш нарын 59%-ийг бүрдүүлж байна. Манай багш нарын дотор Европ, Ази,Африк, Латин Америкийн орнуудын их дээд сургуулиудаас уригдан ирсэн мэргэшсэн судлаач, зочин профессор багш 16 ажиллаж байна.

        МҮИС-ийн нийт багш ажиллагсадын дундаж нас 35 байгаа нь манай их сургуулийн багшлах боловсон хүчин, эрдэм судлалын ажлын асар том нөөц бүрэлдэж тогтсоныг илтгэж байна. Түүнчлэн одоогийн нийт бүрэлдхүүний 51% нь сургуульдаа 5-аас дээш, 10-аас дээш жилийн хугацаагаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа нь байгууллага ба багш ажиллагсадын итгэл үнэмшил, үнэт зүйлсийн нэгдэл, ажиллаж хөдөлмөрлөх,амьдрах орчин хэрхэн хөгжиж бэхжиж ирсэний үр дүн гэж ойлгож байна.

        Ингээд төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойг тохиолдуулан овог нэгт МҮИС-чууддаа баярын мэнд хүргэж дотооддоо болон бүс нутаг, олон улсын дээд боловсрол,шинжлэх ухаан технологийн хөгжлийн орон зайд гар,сэтгэл нийлсэн нэгэн баг болж хүчтэй бөгөөд “содон” чадварлаг тоглогч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.