Оюутны дотуур байрны журам

ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилт нь МҮИС-ийн оюутнуудыг оюутны дотуур байр /цаашид байр гэх/-нд суулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. МҮИС түүнийг төлөөлөн хангамж, үйлчилгээний алба нь оюутны хэвийн амьдрах нөхцөлийг бүрдүүлэн байрны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна. МҮИС-ийн удирдах зөвлөл нь байрны төлбөрийг жил бүр батална.

1.3. Байранд оршин суухтай холбогдсон харилцааг энэхүү журмын хавсралт гэрээгээр нарийвчлан зохицуулна. Гэрээнд байрны зохион байгуулагч болон оюутан гарын үсэг зурж МҮИС-ийн гүйцэтгэх захирал баталснаар хүчин төгөлдөр болно.

1.4. Байранд оршин суух оюутан дараах шаардлагыг хангасан байна.

1.4.1. МҮИС-ийн оюутан

1.4.2. Орон нутгаас шинээр элссэн, өмнө нь сахилгын болон байрны журмын зөрчил гаргаж байгаагүй хоёрдугаар ангиас дээш ангийн оюутан

1.4.3. Оюутны өнчин, хагас өнчин байдлыг орон нутгийн захиргаа тодорхойлсон

1.4.4. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан

1.4.5. Гадаад оюутан

Хоёр. Оюутныг бүртгэх ажиллагаа

2.1. Сургуулийн захиргаанаас тогтоосон хяналтын тоонд багтаан МҮИС-ийн дотуур байрны зохион байгуулагч оршин суух оюутныг бүртгэнэ.

2.2. Бүртгэх ажиллагаанд Оюутны Хөгжлийн Алба хяналт тавина.

2.3. Ажлын хэсэг нь дараах баримт бичгийг үндэслэн оюутныг бүртгэнэ.

2.3.1. МҮИС-ийн оюутан мөн болох тухай сургалтын албаны тодорхойлолт

2.3.2. Оюутны иргэний үнэмлэх

2.3.3. Шинээр элссэн оюутны суралцах эрхийн бичгийн баталгаажуулсан хуулбар, бусад оюутнаас оюутны үнэмлэх

2.3.4. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас

2.3.5. Байрны төлбөрийн баримт

Гурав. Оюутныг байранд хүлээж авах

3.1. Байрны зохион байгуулагч оюутныг байранд хүлээн авахдаа дараах баримтыг үндэслэнэ

3.1.1. Оюутны товч анкет бүхий ажлын хэсгийн бүртгэл

3.1.2. Төлбөрийн баримт

3.2. Оюутан нэг бүртэй байранд суух гэрээ байгуулна.

3.3. Гэрээний үндсэн дээр байранд нэвтрэх үнэмлэх олгоно.

3.4. Оюутан бүрт байрны ашиглалтын болон аюулгүй байдлын журам, энэхүү журмыг танилцуулж баримтжуулна.

3.5. Оюутныг оршин суулгах тасгийн хуваарь гарган, тавилга, эд хогшлыг бүртгэлийн картаар олгож, тасгийн түлхүүр өгнө.

3.6. Нэг оюутанд ногдох талбайн хэмжээ 4 м2-аас багагүй байна.

3.7. Оюутныг хүлээн авах ажиллагаанд сургуулийн захиргаа хяналт тавина.

Дөрөв. Оюутны байрны үйл ажиллагаа

4.1. Байрны өдөр тутмын үйл ажиллагааг тухайн байрны зохион байгуулагч хариуцаж, байнгын хяналт тавина.

4.2. Оюутны байрны зөвлөл нь холбогдох хууль тогтоомж, энэхүү журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавина.

4.3. Оюутны байрны зөвлөл нь сургуулийн батлагдсан төсөв болон хүмүүжил, соёл, урлаг, биеийн тамир спортын арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулна. Түүний гүйцэтгэлд Сургалтын алба хяналт тавина.

4.4. Байрны журам болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн оюутны асуудлыг байрны зөвлөл, зохион байгуулагч нар хэлэлцэж, сануулах, байранд суух гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна.

4.5. Байрны зохион байгуулагч байрны зөвлөлийн ажил, үүргийн биелэлтэд үнэлгээ өгч, зөвлөлийн гишүүдэд байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар тодорхойлолт гаргана.

4.6. Оюутны байранд гаднын хүнийг дараах хугацаагаар нэвтрүүлнэ.

4.6.1. Орон нутгаас ирсэн оюутны эцэг, эх ойрын төрөл садны хүмүүсийг байрны зохион байгуулагчийн зөвшөөрлөөр зөвхөн өдрийн цагаар

4.6.2. Оюутан нь 15.00-20.00 цагийн хооронд биеийн байцаалт бүхий нэг хүнийг тасагтаа хүлээн авч уулзаж болох бөгөөд хугацаа дуусмагц хүнээ гаргаж, жижүүрт мэдэгдэнэ.

4.6.3. Оюутан нь гаднын хүнээ хугацаа хэтрүүлэн байлгасан тохиолдолд гаднын хүн тасагтаа дахин нэвтрүүлэх эрх эдлэхгүй.

4.7. Оюутны байранд дараах үйлдэл хийхийг хатуу хориглоно:

4.7.1. Оюутны байранд 22.00 цагаас хойш байранд орох, гарах

4.7.2. 23.00 цагаас хойш сэлгүүцэх, хөгжим, телевиз чангаар ажиллуулах зэргээр байрны тайван байдлыг алдагдуулах

4.7.3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх, нийгмийн хэв журам зөрчих, хуулиар, хориглосон бусад үйлдэл болон гаднын хүн зүй бусаар орогнуулах

4.7.4. Байрны эд хогшлыг зохион байгуулагчийн зөвшөөрөлгүй гадагш гаргах, гаднаас оруулах, хоорондоо солилцох

4.7.5. Байранд худалдаа үйлчилгээ явуулах, арилжааны зориулалттай эд зүйл, тэсэрч дэлбэрэх болон химийн хортой бодис оруулах, хадгалах, амьтан тэжээх

4.7.6. Бусдыг өөрийнхөө оронд суулгах, өөр хоорондоо тасаг солих, байранд нэвтрэх үнэмлэхийг бусдад шилжүүлэх

4.7.7. Тасагт 1 квт-аас дээш хүчин чадалтай цахилгааны хэрэгсэл болон стандартын бус залгуур хэрэглэх, нийтийн бие засах газрын суултуур, угаалтуурт бүхэл хог хаягдал хаях, сүлжээ өөрчлөх.

Тав. Байрны гэрээ сунгах, дуусгавар болох, цуцлах

5.1. Байрны гэрээг зуны амралтын хугацаанд сунгах асуудлыг тухайн оюутны суралцдаг салбар сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.

5.2. Сургуулийн захиргааны зөвшөөрлийг үндэслэн байрын зохион байгуулагч, оюутны шилжилт хөдөлгөөнтэй холбогдсон тооцоо хийнэ.

5.3. Гэрээнд заасан хугацаа дууссанаар байранд суух гэрээ дуусгавар болно.

5.4. Гэрээг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө цуцална.

5.4.1. МҮИС-ийн захирлын тушаалаар сургуулиас чөлөөлөгдсөн, хасагдсан болон тодорхой хугацаагаар чөлөө авсан,

5.4.2. Энэхүү журмын 4.8 дахь заалтыг зөрчсөн.

5.5. Гэрээ цуцлагдсан тохиолдолд байрны төлбөрийн тооцооны асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.

5.6. Энэ журмын 4.8 дахь заалтын дагуу гэрээ нь цуцлагдсан оюутны байрны төлбөрийг эргүүлэн олгохгүй.

5.7. Оюутан нь хичээлийн жилийн 2 дугаар улирал эхэлснээс хойш гарах тохиолдолд байрны төлбөрийг эргүүлэн олгохгүй.

5.8. Гэрээ дуусгавар болсон болон цуцлагдсан өдрөөр оюутны суух хугацаа дуусгавар болно.

5.9. Оюутан нь тавилга, эд хогшлоо бүртгэлийн картын дагуу байрны зохион байгуулагчид хүлээлгэн өгөх бөгөөд үрэгдүүлсэн, эвдсэн гэмтээсэн эд хогшлын хохирлыг төлж барагдуулна.

Зургаа. Санал хүсэлт, гомдол хүлээн авах шийдвэрлэх

6.1. Оюутнаас байрны өдөр тутмын үйл ажил, үйлчилгээний талаар гаргасан санал, хүсэлтийг байрны зохион байгуулагч хүлээн авч шийдвэрлэнэ.

6.2. Байрны зохион байгуулагч шийдвэрлэх боломжгүй болон тодорхой ажилтантай холбогдсон ажил, үйлчилгээний талаар санал хүсэлт гомдлыг сургуулийн захиргаа шийдвэрлэнэ.

6.3. Байрны оюутнуудын дунд зохион байгуулагддаг хүмүүжил, соёл урлаг, биеийн тамир спортын арга хэмжээ оюутны ёс зүйн талаарх санал хүсэлт гомдлыг сургалтын алба хүлээн авч шийдвэрлэнэ.

6.4. Санал хүсэлт, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан уг асуудлын шийдвэрлэгдэх байдлаас хамаарч 3-14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Долоо. Дотуур байрны багшийн эрх, үүрэг

7.1. Оюутны чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эрүүл аж төрөх, биеэ эрүүл чийрэг авч явах мэдлэг дадлын талаарх амьдрах ухааны сургалтуудыг бусад багш нартай хамтран тусгай хуваарийн дагуу зохион байгуулах.

7.2. Оюутан болон ажилтнуудад оюутнуудын эрх зөрчигдөх, дарамт, мөлжлөгт өртөх асуудлууд болон мөн эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар ойлголт, мэдлэгийг тогтмол олгодог байх.

7.3. Оюутны эрх зөрчигдсөн тохиолдлыг хэрхэн тогтоох, хэнд мэдээлэх, ямар үе шаттай арга хэмжээг авах талаар мэдлэгтэй байх

7.4. Байрны багш нь оюутантай холбоотой болон тэдний амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахдаа тухайн оюутныг оролцуулж, Оюутны Хөгжлийн Алба, Сургуулийн захиргаатай хамтран шийднэ.

7.5. Эрүүл мэндийн яаралтай анхан шатны тусламжийн сургалтад хамрагдсан байна.

7.6. Оюутны амьдралын түүхийг бусдад дэлгэхгүй байх үүрэгтэй.

7.7. Байрны багш нь дотуур байрны оюутнуудад дотоод журмын дагуу оршин суух болон соёл, нийгмийн үйл ажиллагаанд оролцохыг шаардах эрхтэй.

7.8. Сургуулийн захиргаа буюу удирдлагаас тавьсан үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүрэгтэй.

7.9. Оюутнуудыг өрөө хооронд дэмий сэлгүүцэх, үймээн шуугиан гаргахыг хориглох эрхтэй.

7.10. Дотуур байрны орчны ариун цэвэрт анхаарч, үйлчлэгч нартай хүндэтгэлтэй харьцан үйлчилгээгээ чанаржуулах шаардлага тавих

7.11. Байрны багш нь гэрээнд заасан ажил эхлэх цагаас 15 минутын өмнө ирж байрны орчинтой танилцаж, шалгах үүрэгтэй.

7.12. Байрны багш нь гэрээнд заасан ажлын цаг дуусахаас 20 минутын өмнө дотуур байрны орчинд хяналт тавьж, тухайн өдрийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар тайлан бичиж, Оюутны хөгжлийн албанд цахим шуудан явуулснаар тус өдрийн ажлыг дуусгавар болгоно.

7.13. Оюутны эрхийн зөрчлийн асуудлаар санал, нэхэмжлэл, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй

7.14. Дотуур байрны оюутнуудад үзүүлж буй эрүүл мэндийн болон бусад үйлчилгээний чанар, стандартад хяналт тавих эрхтэй.

7.2. Оюутны хөгжлийн албанаас дотуур байрны оюутанд үзүүлэх үйлчилгээ, үүрэг

7.2.1. Дотуур байранд сууж буй оюутан бүрийн дараах дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлнэ.

7.2.2. Иргэний үнэмлэхнийн хуулбар

7.2.3. Эрүүл мэндийн байдал, өвчилж байсан өвчний тухай

7.2.4. Авьяас сонирхол

7.2.5. Ам бүлийн байдал, шаардлагатай үед холбоо барих хүмүүсийн нэр, утасны дугаар

7.2.6. Оюутныг төлөвшүүлэхдээ шийтгэлийн бус, хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэдэг байх.

7.2.7. Дотуур байранд зохиох ажлыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тооцохдоо оюутнуудын санал бодлыг сонсож, тэдний оролцох боломжийг хангадаг байх

7.2.8. Дотуур байрны үйлчилгээтэй холбоотой асуудлаар саналын хайрцаг ажиллуулж, оюутнуудын санал бодлыг үйл ажиллагаандаа тусгадаг байх.

7.2.9. Дотуур байрны багш, ажиллагсдад оюутны төлөвшлийн арга барил, оюутны эрхийг хүндэтгэн харьцах талаар сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулдаг байх.

7.2.10. Оюутнуудад бусадтай хэрхэн харьцах, бусдын эрхийг хүндэтгэх, эд хөрөнгөнд хэрхэн хандах талаар зөв ойлголт, хандлагатай болоход нь туслах үүрэгтэй.

7.2.11. Дотуур байранд ажиллагсдын ажил үүргийн хуваарь нь тухай ажилтны гүйцэтгэх ажил үүргүүдийг тодорхой тусгасан, оюутнуудын эрх ашгийг хангахад чиглэсэн байна.

7.2.11. Оюутны хөгжлийн албанаас оюутанд үзүүлэх үйлчилгээний талаарх шинэлэг арга барилаас суралцах, түүнд ажилтнуудаа сургах ажлыг байнга зохион байгуулна.

7.2.12. Оюутны дотуур байранд ажиллагсад эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамрагдсан байна.

7.2.13. Дотуур байранд ажиллаж буй багш, ажилчдыг анхан шатны яаралтай тусламжийн сургалтад хамруулсан байна.

Найм. Багш, ажилтны талаар

8.1. МҮИС-ийн багш, ажилтан өөрийн хүсэлтээр оюутны байранд амьдарч болох бөгөөд энэ тохиолдолд зохион байгуулагчтай түрээсийн гэрээ байгуулна.

8.2. Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд тогтмол төлөх бөгөөд хүсвэл цалингаас суутгуулж болно.

8.3. МҮИС-ийн багш, ажилтны байрны түрээсийн төлбөр нь зах зээлийн түрээсийн төлбөрөөс 40%-ийн хөнгөлөлттэй байна.

Ес. Гадаад оюутан

9.1.  Гадаад оюутан энэхүү журмыг мөн адил дагаж мөрдөнө.

9.2. Гадаад оюутны оршин суух байрны төлбөр нь сургалтын төлбөртэй хамт төлөгдсөн байна.

Арав. Бусад зүйл.

10.1. Энэ журмыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөнө.

Дүрэм журам