"IEEE 2017 CloudCom-Asia​" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав.

Моголын Үндэсний Их сургуулийн Мэдээллийн Технологийн сургууль, тус сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн хамт олон Ази, Европын орнуудын эрдэмтэдтэй хамтарч үүлэн тооцоолол, их өгөгдөл сэдвээр "IEEE 2017 CloudCom-Asia" (http://asia2017.cloudcom.org/) олон улсын нэр хүндтэй хурлыг зохион байгуулалцаж байна.
Тус хурал өмнө нь Герман, Сингапур, Япон, Норвеги, Хятад, Солонгос гэх мэт орнуудад зохиогдсоор ирсэн бөгөөд энэ жилээс эхэлж Монголын Үндэсний Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургууль зохион байгуулах хорооны нэг гишүүн болж байгаа нь ач холбогдолтой. Энэ нь МҮИС-ийн дэлхийн топ 500 их сургуулийн нэг болох зорилгын хүрээнд олон улсын эрдэмтэдтэй хамтран хийж хийгдэж байгаа ажлуудын маань нэг билээ.
Энэ удаагийн хуралд гадаадын Герман, Хятад, Монгол, Норвеги улсын эрдэмтэн профессорууд оролцож судалгааны ажлын дүнгээ хэлэлцүүлж байна. Энэ хуралд цөөн тооны илтгэлийг шалгаруулж оролцуулдаг. Эдгээр шалгарсан ажлууд маань дэлхийн томоохон сэтгүүл болох WILEY-ийн мэргэжлийн түвшинд бүрэн хянагддаг, сэтгүүлд хэвлэгдэх боломжтой байгаа. Манай судлаачид гадаад явах зардал төдийгүй, бүртгэлийн хураамжийн хувьд гадаадын судлаачдаас даруй гурав дахин бага зардлаар эх орондоо хуралд оролцож, өөрийн эрдэм шинжилгээний бүтээлээ гадаадын нэр хүнтэй хэвлэл, сэтгүүлд хэвлүүлэх боломж бүрдүүлж байгаа болно.
Түүнчлэн бид өөрийн орны МУИС, ШУТИС, ШУАкадеми, Эрүүл Мэндийн ШУИХ, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Хөдөө Аж Ахиу Их Сургууль гэх мэт томоохон их сургууль, байгууллагуудын эрдэмтэн судлаачид, доктор профессоруудыг урьж оролцуулж байна.
Үүлэн тооцоолол нь олон жилийн туршид яригдсаар ирсэн Grid Computing болон Utility Computing технологиудыг нэгтгэсэн технологи юм. Хэдийгээр хуучин мэт санагдах боловч дээрх хоёр технологийг нэгтгэснээр төсөөлөгдөж байгаагүй шинэ санаа, асуудлыг шийдэх оновчтой сонголтыг гаргаж ирсэн юм.
Сүлжээнд холбогдсон техник хангамжууд /сервер компьютерууд/ болон түүн дээр суурилагдсан програм хангамжууд, үйлчилгээнүүд /service/, бизнес моделиудыг нийтэд нь “үүл” гэж нэрлээд, үүнийг ашиглах технологийг үүлэн тооцоолол гэж томьёолж байна. Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгч өөрийн хэрэгцээт програм хангамж, өгөгдлүүдээ интернетийн сервер дээр байрлуулж дурын байрлал болон төхөөрөмжөөс хандаж ашиглах боломжийг гаргаж өгч байна. Тэдгээр програм хангамжууд, өгөгдлийн бүхий л засвар үйлчилгээ, найдвартай ажиллагаа зэргийг тухайн үүлийг ажиллуулж буй үйлчилгээ үзүүлэгч байгууллага бүрэн хариуцаж ажиллах зарчимтай технологи болно.
Түүнчлэн өгөгдөлтэй ажилладаггүй эрдэм судалгааны ажил ховор билээ. Их өгөгдөлтэй холбоотой түүнийг олж цуглуулах, хадгалах, хайлт хийх, дамжуулах, боловсруулах гэх мэт олон асуудлууд байдаг. Бидний зохион байгуулж байгаа хурал нь дээрх чиглэлийн судалгааны цар хүрээг хамарсан хурал юм.
Хурлын бүх илтгэлүүд high ranked proceeding ( EI, CPCI-S индекстэй IEEE) болон Thomson Reuters-ийн Web of Science (SCI) индекстэй сэтгүүлд хэвлэгдэх боломжтой. SCI индекстэй сэтгүүлд хэвлүүлнэ гэдэг нь судлаачийн урт хугацааны ажлын үр дүнг дэлхийд таниулах, хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бий болгож байдаг.