АУС онцлох мэдээ /2/: “ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” өдөрлөг боллоо.

“ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”

Дэлхийн Дархлал олдмол хомсдол /ДОХ/-той тэмцэх өдрийг жил бүрийн 12 сарын 01-ны өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ халдвар нь одоогоор Монгол улсад 269 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ жилийн хувьд МҮИС-ийн оюутан, залуус, нийт Багш, ажилчдыг ХДХВ/ДОХ-ын халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж сургалт, сурталчилгааны ажлыг 2018 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Сурталчилгааны ажлыг БГДЭМТ, МҮИС-ийн АУС-ийн “PUBLIC HEALTH” оюутны клуб, МҮИС-ийн “Оюутны холбоо”-той хамтран МҮИС-ийн нийт оюутнуудад ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх мэдлэг, хандлагыг сурталчилж, нийт 300 оюутнуудад бэлгэвч тараах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэхийн тулд “ТҮБМ” зарчмыг баримтлах хэрэгтэй. Тэвч, Үнэнч бай, Бэлгэвч хэрэглэ, Мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах зарчмыг нийт оюутнуудад сурталчилан таниуллаа. Сурталчилгааны ажлыг 2018.11.30-ны өдрийн 12:00 – 15.00 цаг хүртэл явуулж, ДОХ-той тэмцэх өдрийн энэ жилийн уриа “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД” уриаг нийт оюутнуудад уриалсан юм.

Мөн сургалтыг МҮИС-ийн идэвхитэн 50 оюутнуудад 15:00 – 16:00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд Сургалтаар ДОХ-ын халдвараас сэргийлэх аргууд, үндсэн “ТҮБМ” зарчмыг баримтлах, ДОХ-ын халдвараас зөвхөн Та өөрөө л сэргийлж чадна уриаг дэвшүүлж, “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД” хамрагдахыг мөн уриалсан юм. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний кабинетуудад хандаж шинжилгээнд хамрагдаж болохыг мөн зөвлөсөн.